Увс аймгийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг судаллаа.
Судалгааг үндэслэн тус прокурорын газраас аймгийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгааллын болон шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг, зөрчилд хохирсон хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Аймгийн Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран “Хамтдаа хамгаалъя” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.
Тус зөвлөгөөнд аймгийн 19 сум, Улаангом сумын 12 багийн 31 хамтарсан багийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын 250 гаруй албан хаагч, төлөөлөл оролцлоо.
Прокуророос гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулсан.
Зөвлөгөөний оролцогчдод хамтарсан багийн хэрэгжүүлэх ажлын аргачлал бүхий багц материалыг тарааж, нэгдсэн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар