ХУУЛЬ БУСААР АН АГНАСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
ХУУЛЬ БУСААР АН АГНАСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл "Хууль бусаар ан агнах"-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн 24 хүнд холбогдох 16 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Баруун аймгуудад хууль бусаар ан агнах хэргүүд зонхилон гардаг бөгөөд 2026 оны эхний 5 сарын байдлаар Увс аймгийн прокурорын газраас ховор амьтан болох зэрлэг гахайг хууль бусаар агнасан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

-М.Д, Б.Б, П.Т, Э.Б нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр 1 тооны ойн зэрлэг гахай агнасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд М.Д, Б.Б, П.Т, Э.Б нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, түүний түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, амьтны аймагт учруулсан хохиролд 2,8 сая төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 төрлийн мотоцикл, галт зэвсгийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- С.Б нь 2025 оны 10 дугаар сард Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтын 8 дугаарт багтсан, 2 тооны зэгсний зэрлэг гахайг агнаж, түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд С.Б-г зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, амьтны аймагт учруулсан хохиролд 22,7 сая төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл, галт зэвсгийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Иргэн танд

Амьтны тухай хуульд зааснаар тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг "ховор амьтан" гэж тодорхойлж, төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ховор амьтныг зөвхөн тусгай зориулалтаар агнаж, барихыг зөвшөөрдөг.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд тодорхойлсон хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж, амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.  

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховор амьтны жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад 7 төрлийн 70 зүйл амьтан орсон байдаг. https://legalinfo.mn/mn/detail?lawId=202964&showType=1%C2%A0

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаартай тогтоолын хавсраалт Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759930148011&showType=1%C2%A0

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж хуульчилсан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг.

Хууль бусаар ан агнуур хийх явдлыг зогсооход иргэн бүрийн оролцоо нэн чухал. Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.