Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой 94 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.
Нийслэл болон Өвөрхангай, Увс аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 7 хүнд холбогдох 6 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 7 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Увс аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэвэл:
Увс аймгийн прокурорын газраас:
- Б.С-ыг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамж гаргаж, ерөнхий боловсролын сургуулиас кадастрын зургаар 212 метр зайд, хүний явах замаар 240 метр зайд байршин үйл ажиллагаа явуулдаг иргэн Х.Б-ын эзэмшлийн “М...” хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүх Б.С-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
Иргэн танд:
Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газар